2011/04/10

Төслийн үндэслэл


Дэлхийд хорт хавдрын улмаас жилд 10 сая хүн нас барж зохих арга хэмжээг авахгүй бол дараагийн 10 жилд 84 сая хүн хорт хавдрын улмаас нас барна гэж ДЭМБ тооцоолжээ. Эдгээрийн 70% нь хорт хавдрын урьдчилан сэргийлэлт ба эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэггүй ядуу  улс оронд тохиолддог. Дэлхийд эрэгтэйчүүд уушиг, ходоодны хавдраар, эмэгтэйчүүд хөх, умайн хүзүүний хавдраар зонхилон өвчилдөг. Монгол улсад хорт хавдрын өвчлөл өсөн нэмэгдэж зүрх судасны өвчний дараа хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. 2000 онд 100,000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 289.7, нас баралт 92.3 байсан бол 2008 онд 418.3 ба 114 болж өсөв. 2004 онд хорт хавдар өвчний шинэ тохиолдол 3381 тохиолдож байсан бол 2008 онд 4267 бүртгэгдэж жилд тохиолдох хорт хавдрын тоо 21% -иар өсчээ. Хорт хавдар нь ажил амьдралын туршлага сууж, ид хөдөлмөрлөх 40-55 насныханд илүү тохиолдож байгаа юм.  Эрэгтэйчүүдийн дотор тохиолдож байгаа нийт хавдрын 40.2% нь элэг, 19.2%-нь ходоод, 13% -нь уушигны хавдар, эмэгтэйчүүдийн дотор тохиолдож байгаа хавдрын 32.1%-нь элэгний, 19.6%-нь умайн хүзүү, 10.7%-нь ходоодны хавдар эзэлж байна.
Шинээр оношлогдож байгаа хорт хавдрын 73-80 хувь нь эмчлэгдэх боломжгүй III, IV үедээ хожуу оношлогдон тэдгээрийн 60 гаруй хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна.
2000-2008 оны дунджаар Монголд зонхилон тохиолдох хорт хавдрын 8% -ийг умайн хүзүүний, 2% -ийг хөхний хорт хавдар,  эмэгтэй хүйсэнд зонхилон тохиолдох хорт хавдрын 16 хувийг умайн хүзүүний, 5 хувийг хөхний хорт хавдар  тус тус эзэлж байна.
2000 оны өвчлөл, нас баралтыг 2008 онтой харьцуулахад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 6.6 байснаа 2 дахин буюу 15.6, нас баралтын түвшин 3.4 байснаа 4.0 болж нэмэгджээ.

No comments:

Post a Comment